Даваа гарагт Израилын цэргийн тагнуулын газрын дарга, хошууч генерал Ахарон Халива огцрох хүсэлтээ өгчээ. Түүний ийн огцрох хүсэлтээ өгөх болсон шалтгаан нь тэрээр өөрийгөө Израилын түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан дайралтаас улс орноо хамгаалж чадаагүй хэмээн дүгнэсэн гэнэ.
Улмаар хошууч генерал Ахарон Халивагийн огцрох хүсэлтээ өгсөн явдал нь өнгөрөгч аравдугаар сарын 7-ы өдөр ХАМАС бүлэглэл Израил руу дайрснаас хойш тус улсын дээд албан тушаалтнуудаас өөрийн хүсэлтээр суудлаасаа огцорсон анхны тохиолдол болж байгаа юм.
Ахарон Халивагийн огцрох хүсэлтдээ өгүүлснээр, “Миний удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж байсан тагнуулын газар бидэнд итгэл хүлээлгэн даалгасан даалгавраа биелүүлж чадсангүй. Миний зүгээс тэр хар өдрийг өдөр шөнөгүй санасаар өдий хүрч байна. Би хувьдаа дайны тэр л аймшигт шаналлыг үүрд тээж явах болно” гэжээ.
Одоогоор Израил хийгээд ХАМАС бүлэглэлийн хооронд эхэлсэн дайн 7 сар үргэлжилж буй билээ.
Эх сурвалж: NY Post